Sunday, September 16, 2012

Багш, сурган хүмүүжүүлэгчдэд хандан илгээх захидал

“Дэлхий бөөрөнхий, тиймээс эргэдэг юм” хэмээн хэлснийхээ төлөө буруутгагдаж байсан Галилео Галилейн үеэс хойш өнөөдрийг хүртэл дэлхий ертөнц нарийн судлагдаж, улмаар хүний нийгмийн хөгжил дэвшлийн нөлөөгөөр даяаршил явагдаж, энэ ертөнцийн өнцөг булан, улс үндэстэн бүрт амьдарч буй хүн бүхэн дэлхий хэмээх нэгэн гэрт, байгалийн хуулийн дор дасан зохицож амьдардаг гэдгийг бүрэн баталсан бөгөөд дэлхийн иргэн болохынхоо хувьд хүн төрөлхтөн хүрээлэн буй орчин, байгалийн нөөцөө хайрлан хамгаалахын төлөө мэдлэг, боловсролоо чиглүүлж ажиллах ёстойг ч ухамсарлах боллоо. Хүн төрөлхтний санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйл юу вэ гэвэл уур амьсгалын өөрчлөлт, түүний үзүүлж буй сөрөг нөлөөлөл, ирээдүйд учирч болох экологийн их сүйрлийн асуудал гэдэг нь тодорхой болоод байна.

Tuesday, September 4, 2012

Сүрэнхорын хээ


 

Сайхан ажнай хүлгийн тухай бичих нь бүү хэл, бодоход ч хийморь сэргэдэг биз ээ. Орчлон хорвоогийн алаг тавилан дээр хүнээс дутуугуй цуутайхан “амьдарч” зүсээ, мөрөө үлдээсэн ажнай хүлгүүдийг бодох ахуйд хар аягтаа л сэтгэл уясч, хайр, харуусал, эмзэглэл, омог бахархал төрнөм. Цог хийморь үүл мэт хуралднам. Монгол хүний зүрх сэтгэлийн угт үргэлж харзлах тийм нэг амин мөн чанарт морь хэмээх ойлголт эрхэмсэг нандинаар оршин, алмааз эрдэнэ мэт гэрэлтэж, тахин шүтэгдэх ажгуу.