Tuesday, August 28, 2012

Хятадуудын гайхуулаад байгаа 22 метр өндөр Чингисийг монгол залуу урлажээ

Сүүлийн үед хэвлэл мэдээллээр БНХАУ-ын Сун Юань хотод сүндэрлэж байгаа дэлхийг захирч явсан Эзэн богд Чингис хааны маань гэрэлт сүрлэг хөшөө нээлтээ хийхэд тун ойрхон болоод байна. Энэхүү хөшөөг Монгол улсын залуу барималч А.Очир гэх залуу эх загварыг нь гаргаж барьсан талаар хэн ч үл мэднэ. Тэрбээр Засгийн газрын ордны өмнөх Чингис хаан, Чингүнжавын 300 жилийн ойд зориулан Хөвсгөл аймагт босгосон хөшөө, мөн Булган аймагт хоёр сарын өмнө нээлтээ хийсэн Цогт хунтайжийн хөшөөг тус тус барьсан байна. Монгол улсад түүхэн дурсгалт, нэр алдартай хүмүүсийг үр хойч үедээ дархлан үлдээх, түүх өв соёлоо мөнхлөх зорилго бүхий олон арван хөшөө дурсгалуудыг босгож байгааг анхааралтай ажиглаж байсан өмнөд хөршийн Соёлын газрын мэргэжилтнүүд залуу уран бүтээлчид өөрийн нутагтаа 22 метр өндөр Эзэн богд Чингис хааныг сүндэрлүүлэх санал тавьсан гэдэг.

Хятадын нутагт Чингис хаантай холбоотой гэгдэн түүхэнд тэмдэглэгдсэн бүх л газар, дов жалга, чулууг хүртэл өөрийн болгон дэлхийд алдаршуулахын тулд сүүлийн таван жилийн дотор хүчирхэг бодлого явуулж буйн гол илрэл нь 22 метр өндөр Чингис хааны сүрлэг хөшөө бүхий цогцолбор болж байна. Манай улсын түүхэн дурсгал, соёлын бодлогыг хуулбарлан давж гарах зорилгоор манай авьяаслаг уран бүтээлчдийг өндөр үнээр хөлслөх эсвэл Барууны Холливудын соёл, урлагийн загвараар дэлхийн түүхэнд одоогийн Монголыг бүдгэрүүлэх зорилго агуулж байна хэмээн зарим эх сурвалжууд үүнийг дүгнэж байна. Ямартаа ч Чингис хаан, нийт Монгол угсаатны төвийг Ордост төвлөрүүлэх гэсэн өмнөд хөршийн бодлого эрчимжиж байгааг дэлхий анхааралтай ажиглаж байгаа биз ээ.
Д.Базар (www.wikimon.mn)
 

 

No comments:

Post a Comment