Monday, June 25, 2012

Cristiano Ronaldo: Маш хүнд тулаан болох болно...

Португалийн шигшээ багийн ахлагч Cristiano Ronaldo Аваргаа хамгаалахын төлөө өрсөлдөж байгаа Испаний хүчирхэг шигшээ багтаа тоглоход бэлэн гэдгээ мэдэгдлээ. Гурван гоолтой мэргэн буучдыг тэргүүлж байгаа түүнд олон хүмүүс итгэл найдвар хүлээлгэж байгаа нь лавтай. Гэхдээ тэрбээр сэтгэлзүйн ямар нэгэн дарамт учраад байгаа юм алга гэдгээ мөн хэлжээ. Cristiano Ronaldo “uefa.com”-д өгсөн ярилцлагадаа: “Испанитай тоглоно гээд надад ямар нэгэн онцгой сэтгэл зүйн дарамт үүсээд байгаа юм алга. Би клуб болон шигшээ багтаа олон жил өндөр түвшинд тоглож байгаа. Харин надад тодорхой үүрэг хариуцлага ирж байгааг мэдэрч байна. Гэхдээ энэ нь надад дарамт болохгүй." Одоогоос найман жилийн өмнө буюу 2004 оны Европын аваргаар Португальчууд түүхэндээ анх удаагаа Европын аваргын финалд шалгарч, харамсалтай нь Грект ялагдсанаар мөнгөн медаль хүртэж байсан. Харин 8 жилийн дараа тэд дахин хагас шигшээд шалгараад байна. Ronaldo цааш ярихдаа: “Найман жилийн дараа дахин финалд шалгарах боломж бидэнд бий болж байгаа нь сайхан хэрэг. Гэхдээ энэ маш хэцүү байх болно гэдгийг мэдэж байна. Испаний шигшээ гайхалтай баг. Ибер үндэстний өрсөлдөөн маш сонирхолтой байх болно. Бид ялж чадна гэдэгт би итгэж байгаа. Маш хүнд тулаан болох болно.” гэж дурджээ. Португаль, Испаний шигшээ багуудын тоглолт Лхагва гаригийн шөнө Украйны Donbass Arena цэнгэлдэхэд болно.

No comments:

Post a Comment