Thursday, June 6, 2013

Монгол бөхийн түүхийн хуудаснаа

Монгол бөхийн түүхийн хуудаснаа "Босоо" хэмээх тодотголтойгоор мөнхөрч үлдсэн цөөхөн хүчтэний нэг болох Засагт Хан аймгийн Эрдэнэдүүргэгч вангийн хошуу буюу одоогоор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харъяат, Хотгойдын алдарт бөх Сосорын Шагдарын өргөсөн чулуу

Босоо Шагдарыг ид залуухан явахад нь нутгийн нэгэн цуутай баян айлын гэрийн эзэн Түвшин гэгч түүнд нэрмэл монгол архи өгч байх зуурт түүгээр оролдон, өөрийн зургаан ханатай гоёмсог том сайхан гэрээрээ баярхаж: "Хэрэв чи ийм гэртэй бол ганц өөрийн биеэр зөөхөөс өөр яах вэ" гэх зэргээр доромжилсонд, Шагдар: "Аа тиймүү хө. Чамд бурхан тэнгэрээс зуд турхан, хулгай худал, чоно нохой, өвчин тахалд эрсдэх хэдэн мал заяасан байхад түүнд үл эрсдэх хүчин тэнхээг миний ганц биед хүртээсэн юм хө" гэжээ.


"Тэгвэл чи миний энэ гэрийг бүрэн хэрэглэлийн хамтаар энэ чигт нь тэр бурхан тэнгэрийнхээ агуу хүчээр, өөрийн ганц биеэрээ, тэр зүүнтэй харагдаж байгаа дэнж дээр аваачиж тавьсугай. Хэрэв чингэж чадваас би чамайг үнэхээрийн их бяртай хүн юм гэж бодьё. Түүнээс биш хүн хүнээ өргөх, унагаах мэтийг ямар их бяртай гэх вэ" гэх зэргээр ам асууж элдвээр хорыг нь маажсанд, Босоо Шагдар тэсэлгүй гэнэтхэн ухасхийн босож, үүд рүү нь шууд гүйж очоод сэрвээгээрээ тотгыг нь өргөөд, урагшаа зүтгэсэнд шинэхэн сайн хошлон ба оосортой их гэр тэр аяараа шажигнан хөдөлж, хананы нь шийр хатуу газраар зурж, доторхи хогшлынхоо хамт Босоо Шагдарын цээжинд бүхлээрээ чирэгдэн явжээ. Үүнд сандарч тэвдсэн Түвшин ч бачимдан хашхирч: "Одоо боль, боллоо" гэж Шагдарт хэлсэнд сая цаадах нь арай гэж зогссон нь харин хориод алхам чирч, хонины хашааны өмнө нь аваачиж орхисон байв.

Эх сурвалж: Tuvshintushig Damdinsuren /Facebook/

1 comment:

  1. Энэ чулууг Шагдар арслан өргөөгүй шүү. Завхан аймгийн Асгат сумын хэсэг нөхөд түүхийг зохиосон юм.

    ReplyDelete