Бөхчүүд овогт Цэвэгжавын Бат-Эрдэнэ 1963 онд Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн нутагт төржээ. Өвөг эцэг нь нүцгэн Шагдар гэж их бяртай сайн бөх, содон хүний тухай “Далай Чойнхорын Домогт Эрчүүд” номонд дурьдсан байдаг. Ц. Бат-Эрдэнэ өөрийн сумандаа 1985, 1987, 1994, 1995, 1996 онуудад өвдөг шороодоогүй, мөн Архангайн Жаргалант суманд хоёронтоо босоо үлдсэн байна. Тэрээр Галт сумандаа 6, Архангайн Жаргалант суманд 2 нийт 8 удаа түрүүлж 10 удаа үзүүрлэж 5 удаа шөвгөрсөн байна.
Тэрээр 1988 онд Хөвсгөл аймгийн бүсийн барилдаанд 33 бөхөөс 30 давж аймгийн начин цол хүртсэн. Самбо бөхийн 3-р зэрэгтэй. 1980-аад онд Хөвсгөлд тодорсон гурван Бат-Эрдэнийн нэгэн бөгөөд гар барилдааны мэхэнд онцгой эвсэлтэй. Ямар ч том бөхийг хоёр талдаа төвөггүй мурьдаг, шуундаа тийм их бяртай хүн. Хурд, мэх, бяр тэнцүүхэн бөх бөгөөд үеийнхнээсээ орон нутагтаа “Тасархай” гарч чадсан юм.
Ингэх нь түүний үеийнхэнд хүнд байсан. Нас ухаан ид тэгширсэн аймгийн арслан Базарраднаа, Сумъяа, Ванчигдорж, Жамьян нартай эн чацуу өгч авалцах гэдэг тэр үедээ тоглоом байгаагүй.
Нэгэн удаа аймгийн аварга шалгаруулах барилдаан дээр найзын эрмэг дайчин барилдаанд сэтгэл хөдлөхийн эрхээр ингэж бичиж билээ...
Хоёр талдаа хөнтөрч мурьдаг
Хоёр шуундаа хуурнин шуугидаг
Хав барьцнаас эргүүлж хөмөрдөг
Ханхар ч биш хэрзгэр ч биш
Аймгийн начин Бат-Эрдэнэ
Аархаж явсан бөхийн хийморь
Өрөөлдөж ордог зөв талтай
Өрсөж хийдэг, гялс мэхтэй
Яндашгүй цалгисан, гундашгүй халгисан
Яргай махтай, чаргай булчинтай
Барьц халдаг, халуун гал
Басах аргагүй, түрэмгий хурд аа....
Их тугч Ц. Батбилиг “Аварга гарахын даллага” номноос.....
No comments:
Post a Comment